Хүүхэд бол ирээдүйн гэрэл гэгээ, хүн төрөлхтөний амьдралыг үргэлжлүүлэх хамгийн төгс бөгөөд хамгийн ухаалаг амьтан гэж хэлж болохоор. Учир нь бид ч гэсэн хүүхэд байсан. Өнөөгийн нийгэмд хүүхдийн эрхийг зөрчсөн талаар маш олон мэдээлэл, нийтлэл тэр ч бүү хэл хүмүүсийн нүдэн дээр хүртэл хүүхдийн эрх зөрчигдсөөр л байна. Гэвч харсан хүмүүс нь санаа зовнидог хэдий ч үг дуугаран өмөөрдөг, сэтгэл гарган хамгаалдаг хүн нь ховорхон юм даа.
Бүх хүмүүс хүүхдийн эрх зөрчигдөж байхад харах биш хамгаалах, дуугай байх биш зохих байгууллагат нь хэлж мэдэгдэх ёстой гэдгээ мэддэг болов уу. Энэ бол “Монгол улсын иргэн” болж төрсөнийхөө хувьд биелүүлэх ёстой үүргүүдийн маань л нэг нь шүү дээ.
“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-иас:
17 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах орон нутгийн байгууллага
1.Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн чиг үүргийг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд Засаг дарга хариуцна.
2.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд хүүхдийн төлөө байгууллага байх бөгөөд түүний даргыг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчилсөн/.
3.Аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1/төрөөс хүүхдийн эрхийг хамгаалах талаар орон нутагт хэрэгжүүлэх бодлого,үйл ажиллагааг зохион байгуулах;
2/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих;
3/эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах;
4/хүүхдийн эрхийг хангах ажлыг гэр бүл, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурлан холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
5/хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
4.Аймаг, нийслэлийн хүүхдийн байгууллагын даргыг нийгмийн салбарын болон хүүхдийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно /Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийнхуулиар нэмсэн/.
18 дугаар зүйл.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл
1.Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалахтай холбогдсон төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, төр, олон нийтийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулах үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах чиг үүрэг бүхий Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл байна.
2.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд төр, олон нийт, шашны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгч, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, иргэд оролцоно.
3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг Хүүхдийн төлөө үндэсний байгууллагаар гүйцэтгүүлнэ.
4.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд, дүрмийг зөвлөл өөрөө батална.
19 дүгээр зүйл.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үүрэг
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл дараахь үндсэн үүргийг хэрэгжүүлнэ:
1/хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, хүүхэд хөгжүүлэх, хамгаалах үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг зохицуулах, түүний хэрэгжилтэд;
2/хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтны тайлан, мэдээллийг сонсох, энэ талаар цаашид авах арга хэмжээний тухай саналаа Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
3/хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, тэдгээрийн гаргасан санал, санаачилгыг дэмжих;
4/ хүүхдийн төлөө сан байгуулж, түүний орлого, зарлагын төсвийг батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах, олон нийтэд мэдээлэх /Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/;
5/хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл гаргаж, гавьяа байгуулсан хүүхэд,иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнах, урамшуулах тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд тавих;
6/хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах асуудлаар бусад улс, тэдгээрийн төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
7/хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
20 дугаар зүйл.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл байна.
2.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална.
3.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн ажлын албаны үүргийг Засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө байгууллагаар гүйцэтгүүлнэ.
4.Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн дүрмийг уг зөвлөл өөрөө батална.
21 дүгээр зүйл.Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах олон нийтийн байгууллага
1.Хүүхдүүд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, хүүхдийг хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн нөхөрлөл, хамтлаг, холбоо байгуулж болно. Хүүхдийн сайн дурын байгууллагад боловсролын болон бусад байгууллага дэмжлэг, туслалцаа үзүүлж, арга зүйн удирдлагаар хангана.
2.Насанд хүрэгчид хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйлсэд туслах зорилгоор төрийн бус байгууллага байгуулан ажиллаж болно.
22 дугаар зүйл. Хүүхдийн төлөө сан /Энэ зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэргэд Хүүхдийн төлөө сан байгуулна .
Хүүхдийн төлөө сангийн дүрмийг Засгийн газар батална.
Энэ бол “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн ердөө л нэгээхэн хэсэг нь. Үүнээс цаашаа илүү дэлгэрэнгүй үзвэл хүүхдийн эрх жинхэнэ утгаараа хамгаалагдаж, хүүхдийн эрүүл аюулгүй амар тайван орчинд амьдарч болох тийм л хуулийн заалтууд байгаа. Гэвч амьдрал дээр эсэргээрээ байна. Гэхдээ үүнийг Монгол улсын иргэн хүн бүр анхаарлаа хандуулан сонсож, уншиж өөрсдөөсөө л эхэлж хуулиа хэрэгжүүлэхгүй бол хэн ирээд, улсын маань ирээдүй болсон хүүхдүүдийг маань хамгаалах билээ дээ. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе.
Хүүхдийн эрхийн төлөө хамтдаа !!!