Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг бий болгох зорилгоор 11-р сарын 25-нд Хэнтий аймгийн Чингис хотод “Иргэний андгай өргөх ёслол” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга, Хууль зүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Цэргийн штабын дарга Хурандаа Н.Хүрэлээ Улсын бүртгэлийн хэлтсийн дарга У.Мөнхцэцэг, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Өнөрцолмон нар 16 нас хүрсэн 25 хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг батламжийн хамт хүндэтгэлтэйгээр гардууллаа.
16 настай шинэхэн иргэд нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангараглав.
Монгол улсын Иргэний андгай
Төрт ёс эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол улсын иргэн-Би
Хүчирхэг төрийнхөө дор, хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн
Эх орон, тусгаар тогтнолоо, амилан хайрлаж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг, энэрэнгүй, журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна




ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС