Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх, ёс суртахууны хүмүүжил, төлөвшил олгох, мөн орон нутгийн зан заншил, соёл урлагтай танилцуулах, өвлүүлэн үлдээхийг зорьж, суралцагчид харилцан бие биетэйгээ танилцаж, туршлага солилцох, суралцах боломж олгох зорилгоор зохион байгуулдаг ЕБС-ийн дундах “Яргуй” хүүхдийн урлагийн наадам эхэллээ. Наадмын нээлтийн арга хэмжээ Чингисийн талбайд өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Нээлтийн арга хэмжээний үеэр Яргуй наадамд оролцох сурагчдын баярын жагсаал болж, Яргуй наадмын тугийг хүндэтгэлтэйгээр мандууллаа. Туг залах хүндтэй үүргийг аймаг, орон нутгийнхаа нүүр царай болсон шилдэг сурагчид болох Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч Д.Маргад, Хэрлэн 4-р сургуулийн сурагч М.Түвшинхүү, Бор-Өндөр цогцолбор сургуулийн сурагч И.Мурат, Өмнөдэлгэр сумын дунд сургуулийн сурагч М.Тогтуун, Хан Хэнтий цогцолбор сургуулийн сурагч Ч.Бүтэнбаяр нар хүлээж, наадмын тугийг хүндэтгэлтэйгээр мандууллаа. Наадамд 23 сургуулийн 900 сурагч, 200 багш Хэнтий аймгийн өнцөг булан бүрээс ирж оролцож байна.
Наадмын шүүгчдээр Монгол улсын төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Сэвжидийн Сүхбаатар, Монгол улсын гавьяат жүжигчин, Улаанбаатар чуулгын уртын дуучин Г.Хонгорзул, Монгол улсын консерваторийн дуулаачийн факультетийн эрхлэгч, МУСТА Ч.Чинзориг, ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Б.Энхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар ажиллаж байна.
Тоглолт 2 өдрийн турш үргэлжилж, шилдгүүдийн Гала тоглолт, улаан хивсний ёслол, шагнал гардуулах ажиллагаа 5-р сарын 11-нд болно.
Яргуй наадмын тоглолтыг LIVE -аар шууд дамжуулж байгаа тул манай Fage хуудсаар хандаж үзэх боломжтой
https://www.facebook.com/khentii.gbhzhg/
